ITZONE компани нь дэлхий дахины хөгжлийн хурдасгуур болсон мэдээллийн технологийг Монгол Улсад нэвтрүүлж, бизнесийн амжилтыг хурдасгах зорилгоор 1997 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш ITZONE нь дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлж, салбарын хөгжлийн суурийг тавьсан. Үүнд Dell (2000), Canon, HPE (2002), мөн Microsoft, Cisco, Oracle (2004) зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүд багтана. Өнөөдөр бид ”Таны дижитал аяллын итгэлт түнш” байх эрхэм зорилгын хүрээнд дэлхийд тэргүүлэгч 60 гаруй брэндийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг мэргэшсэн инженер, мэргэжилтнүүдийн багаараа дамжуулан албан ёсны эрхтэйгээр хүргэн ажиллаж байна.
Дижитал Повер ХХК нь олон улсын стандартад нийцсэн инженерчлэлийн шийдэл, төслийн удирдлага, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн компани юм. Үйлдвэрийн болон барилгын автоматжуулалт, сүлжээ болон цахилгаан хангамжийн дэд бүтэц, аюулгүй байдлын цогц систем, гэр болон оффисын ухаалаг автоматжуулалт, цахилгааны шийдэл гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Инженерчлэлийн туршлага, дэвшилтэт технологид тулгуурлан байгууллага, айл өрхийн аюулгүй, найдвартай, үр ашигтай орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.
Новелсофт ХХК нь байгууллагын өгөгдлийн удирдлага, аналитик болон хиймэл оюуны технологийн шийдлээр мэргэшсэн компани юм. Өгөгдлийн платформ, өгөгдлийн инженерчлэл, өгөгдлийн засаглал, бизнес аналитик, хиймэл оюун болон машин сургалтын чиглэлээр олон улсын тэргүүлэх технологид суурилсан цогц шийдэл, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Мөн Монгол хэлний хиймэл оюуны загвар, ухаалаг агентуудыг хөгжүүлж, байгууллагуудын өгөгдлийг үнэ цэнтэй мэдээлэл болгон хувиргах, шийдвэр гаргалтыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.
Могул Экспресс ХХК нь 2015 онд Могул Группийн охин компани болон байгуулагдсан, тээвэр зуучлал, түгээлт, гааль болон агуулахын цогц үйлчилгээгээр мэргэшсэн компани юм. Могул Группийн 29 жилийн логистикийн үйл ажиллагааны туршлагад тулгуурлан авто зам, далай, агаар, төмөр зам болон цуглуулбар ачааны тээвэрлэлтийг зохион байгуулж, гаалийн бүрдүүлэлт, агуулах, бараа материалын менежмент, түгээлтийн үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Мэргэжлийн баг, өөрийн агуулахын дэд бүтэц, даатгалтай тээврийн үйлчилгээгээр дамжуулан харилцагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн найдвартай, үр ашигтай логистикийн шийдлийг санал болгож, ачаа барааг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Могул Сервис ХХК нь байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааг найдвартай, тасралтгүй хангах мэргэжлийн IT үйлчилгээ, технологийн цогц шийдлээр мэргэшсэн компани юм. Мэдээллийн технологийн аутсорсинг, кибер аюулгүй байдал, үүлэн технологи, дата центр, бизнесийн бүтээмжийн программ хангамж, дэд бүтцийн хяналт удирдлага, хэвлэх төхөөрөмжийн менежмент болон үүлэн камерт суурилсан хяналтын систем зэрэг чиглэлээр олон улсын тэргүүлэх технологийн шийдэл, үйлчилгээг үзүүлдэг. Олон улсын технологийн компаниудын албан ёсны түншлэл, мэргэшсэн инженерүүдийн баг, үйлчилгээний менежментийн стандартад тулгуурлан байгууллагуудын мэдээллийн технологийн эрсдэл, үйл ажиллагааны доголдлыг бууруулж, үндсэн бизнестээ төвлөрөх боломжийг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.
Дижитал Воркс ХХК нь байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, бизнес процессыг автоматжуулах программ хангамжийн шийдлээр мэргэшсэн компани юм. 2010 онд ERP төслийн баг хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2018 онд Могул Группийн охин компани болон өргөжсөн. Хүний нөөц, санхүү, байгууллагын нөөц төлөвлөлт, банк бус санхүүгийн байгууллагын цөм систем болон бизнес процессын автоматжуулалтын чиглэлээр GreenHRM, GreenFinance, Diwo, Litebanker зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлж, байгууллагуудын бүтээмж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.
Могул Технологи ХХК нь ухаалаг авто зогсоол, хотхон болон СӨХ-ийн удирдлагын систем, дижитал платформын шийдэл хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компани юм. UBParking ухаалаг зогсоолын систем, Hoome хотхоны нэгдсэн платформоор дамжуулан автомашины нэвтрэх хяналт, зогсоолын удирдлага, СӨХ-ийн төлбөр тооцоо, оршин суугчдын харилцаа холбоо болон өдөр тутмын үйлчилгээг цахимжуулдаг.
Могул Файнанс ХХК нь санхүүгийн технологид суурилсан зээл, лизингийн үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага юм. IT Leasing үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд компьютер, гар утас, цахилгаан бараа болон бусад технологийн бүтээгдэхүүнийг уян хатан төлбөрийн нөхцөлөөр худалдан авах боломжийг бүрдүүлдэг. Цахим технологид суурилсан санхүүгийн шийдлээр бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн худалдан авалтыг илүү хялбар, шуурхай болгоход чиглэн ажилладаг.